НүүрМэдээ 2014 оны 11-р сарын 26. Лхагва гараг
Сурагч бүрээ хөгжүүлж, хүүхдийн сайн туслах байхаас шинэчлэл эхэлнэ
Сурагч бүрээ хөгжүүлж, хүүхдийн сайн туслах байхаас шинэчлэл эхэлнэ

Байшинг тоосгоор барьдаг ч гэсэн овоолсон тоосгыг байшин гэж хэлдэггүй. Үүнтэй адил боловсрол мэдлэгээс эхтэй ч цэгцгүй мэдлэг боловсрол болж чадахгүй. 

Хүүхдэд эмх цэгцтэй, дэс дараатай мэдлэг эзэмшүүлэх нь боловсролын салбарын зорилго байх.  Боловсролтой хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ. Их, дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Бага ангийн боловсрол ч эзэмшээгүй хэрнээ хоёр гурван их, дээд сургуулийн диплом өвөртөлсөн нөхдөөс илүү сайн ажил хийж, сайхан амьдарч яваа хүн олон. Иймд зөвхөн их дээд сургууль төгссөн хүнийг л боловсролтой хүн гэж хэлэхгүй нь. Тэгвэл боловсрол гэж чухам юу вэ. Энэ нь нөхцөл байдалд дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах чадвар юм. 

Хэрэгтэй үед зөв шийдвэр гаргах чадвартай хүн л энэ нийгэмд хөл алдахгүй сайхан амьдарч чадна. Угтаа аливаа хүний өгсөж уруудах эсэх нь дүгнэлтэд суурилсан шийдвэрээс л хамаардаг.  Ер нь боловсролын зорилго бол эцсийн дүндээ хүн аз жаргалтай амьдрахад л чиглэнэ. Ингэж чадахгүй бол боловсролын зорилго хэрэгжихгүй байна гэсэн үг.  Боловсролын зорилго хэрэгжихгүй бол улс орны эдийн засаг өсөхгүй. Боловсролгүй ард түмнийг дарлахад амар, гэгээрсэн ард түмнийг удирдахад амар гэдэг. Тэгвэл боловсролын чанар, хөгжил энэ орны хөгжил тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа юм.

Манай боловсролын салбарт шинэчлэл ус агаар мэт дутагдаж байгааг эрдэмтэн багш нар, эцэг эхчүүд гээд хаана хаанаа л ярьж хэлэлцэж байна. Цэцэрлэгээс эхлээд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиар бараг хорь гаруй жил дамжсан боловсролын салбарын бүтээгдэхүүнүүд чанар муутай байгааг ажил олгогчид ам уралдан ярьдаг. 

Мэргэжил эзэмших гэж дээд сургуульд 4-5 жил сурчихаад зөв бичиж ч чаддаггүй тийм л хүмүүс амьдрал дээр гарч байгаа нь маргахын аргагүй үнэн. Үүнд хувь хүний хариуцлагаас гадна боловсролын салбарын тогтолцооны гажуудал ч бий. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарыг чанаржуулах шаардлагтай байна. Үүнтэй уялдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын чанарын шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлж эхлээд байна. “Загатнасан газар нь маажина” гэдэг шиг үнэхээр л хэрэгтэй үед зөв бодлогыг эхэлж байна.


Хүн бүр багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Манай улс эдийн засгийн хувьд шилжилтийн үедээ байна. Шилжилтийн энэ үед гадныхан бус эрүүл саруул ухаан, боловсролтой монгол хүмүүс л эх орны маань хөгжлийн жолоог залах учиртай. Чухамдаа эрүүл ухаан, боловсрол, мэдлэгтэй хүнийг бий болгохын тулд  л боловсролын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх авъяас хөтөлбөр, ном хөтөлбөр, багшийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлж эдгээр нь цогцоороо монгол хүнийг төлөвшүүлэх гэдэгт зангидагдаж байгаа аж.


Боловсролын салбарыг өөд татахын тулд яах ёстой вэ. Багш бэлтгэх тогтолцоо сул байгаагаас мэдлэггүй багш, сурган хүмүүжүүлэгчид төрөн гарч байна. Мэдлэггүй хүн сурагчдадаа юу заах билээ.  Ингээд л манай улсын боловсролын тогтолцоо эхээсээ адаг хүртлээ чанарыг үгүйлж байгаа юм. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамнаас чанарын шинэчлэлийн хүрээнд багшийг бэлтгэх, үнэлэх, урамшуулах бодлогын шинэчлэлийг боловсруулах, хүүхэд, сурагч, оюутан нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй технологийн шинэчлэх, үндэсний сургалтын агуулга, хөтөлбөр зэргийг олон улсын түвшинд хүргэх зэрэг чанарын шинэчлэлийг цогцоор нь хийж байна. 

Энэ шинэчлэл бол зүгээр л шинэчилье гэж хийж байгаа нэр төдий зүйл биш. Шинэчлэхээс аргагүй тийм л шинэчлэл. Харин шинэчлэл нэр төдий хоосон зүйл бус жинхэнэ чанарын шинэчлэл байгаасай.

Өнөөдөр оюутан, сурагчдад ямар хичээлийг хэрхэн заах нь тодорхой байдаг ч хэн юу сурав гэдэг нь ойлгомжгүй байдаг. Энэ бол том гажуудал. Өөрөөр хэлбэл хүүхэд сургуульд сурснаар ямар үр дүн гарч, юуг олж авч, хэрхэн ур чадвар эзэмшиж байгааг төдийлөн ойшоодоггүй. Багш нь заасан, сурагч нь сурсан болоод л арван хэдэн жил өнгөрчихдөг. 

Эцсийн дүндээ сурсан мэдлэг, бүтээх чадваргүй хэн ч биш болоод л үлддэг. Энэ бол боловсрол зорилгоо биелүүлж чадахгүй байгаагийн тод жишээ. Харин боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх тов тодорхой хөтөлбөр хэрэгжиж байна. Боловсролын чанарын шинэчлэл цаасан дээр буусан шигээ амьдрал дээр бууж чадвал боловсролын тогтолцоо нэлээд хэдэн алхмаар урагшлахаар байгаа юм.

Хүн бүр өөрийн гэсэн онцлог, хувь чанартай учраас хүүхэд бүрийг хөгжүүлэх тийм л бодлого хэрэгтэй байсан. Багш хүүхдэд хичээл заадаг бус хүүхэд өөрийн сонирхолтой зүйлээ судалж багш түүнд нь тусалж дэмжиж байх тогтолцоо хүүхдийн мэдлэг чадварт сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Хүүхдийн мэдлэг чадвар ахиснаар багш нарын үнэлэмж өндөр болно. 

Энэ мэтчилэн боловсролын салбарын шинэчлэлийг харилцан хамааралтай хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна.

Н.Санжаасүрэн

Нийтэлсэн: 2013/04/25



Сэтгэгдэл бичих:
Сэтгэгдэлүүд